Jump to content

Элжигин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол үндэстний Халх ястны сурвалжит өвөг овог Элжигэн халх. Домгоор бол эртний Эргүнэ хунд үүссэн өвөг овгийн нэг. Дарлигин Монголд хамаарч, хожим Хонгирад нарын дэргэд явжээ. Элжигэн хэмээх нэрийг "Элтегин" (Эл эзэн) гэх үгээс гаралтай гэдэг. Нэрийн эхний "эл" нь эртний монгол хэнээ хүн, элгэн садан, өөрийн хүн, нөхөр, шадар гэсэн утгатай байгаад түүхэн хөгжлийн явцдаа тэр утга өргөжин тэлж ард түмэн, аймгийн холбоо, төр улс гэсэн санаа илтгэдэг болжээ. "Эл хант улс" гэх мэт. Жигин гэдэг нь алтайн хэлний тегин (эзэн) гэсэн үгээс гаралтай байна. Үүнээс үзвэл "эзний шадар" (үнэнч туслагч), мөн Эл эзэн гэсэн утгатай байна. Мөн зарим сурвалжид Эржигэн гэж бичдэг. XVIII зуунд манжийн "Илтгэл шаштир"-ыг анх хятадаар бичихдээ Элжигэний нэрийг "эржигэн" гэж буулгажээ. Үүнээс хожим манж, монгол хэлэнд орчуулахдаа "эржигэн" гэж авчээ. Харин сүүлдээ Элжигэн нар ч өөрсдийгөө заримдаа Эржигэн, Эл эзэн гэх болсон байна.

Элжигэн Халх нь XVI зууны дунд үеэр Даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжийн 2-р хүү Ноёнтой хатанбаатарт Бэсүдийн хамт захирагдсан. XVII зууны эхээр Бэсүдээс салж Бадма хатанбаатарт захирагдах болжээ. Засагт хан, Эрдэнэ тайж (Омбо-Эрдэнэ хунтайж) нар Элжигэний улсыг хувааж авах гэсэн 1655 оны маргаан нь сунжирсаар 1662 онд шинээр Засагт ханыг залгамжлах явцтай давхцаж, улмаар Засагт ханы хямрал эхэлжээ.

Монгол аймгуудыг Дарлигин, Нирун хэмээх 2 үндсэн бүлэгт хуваадаг байжээ. Нирун гэдэгт 19 аймаг, Дарлигин гэдэгт нийт 18 аймаг хамрагддаг байсны нэг нь Элжигэн аймаг юм. Эдгээр отгууд нь Хамаг монголын 40 отог болжээ. Дарлигин, Нирун аймгууд бол Хамаг Монголын эх бөгөөд Гурван голын Монголчууд юм. Тэднийг Дарлигин байх цагаас заримдаа Халх гэх болсон ба энэ нэр нь бүр Дарлигины халхлах захын отгуудыг нэрлэх ерөнхий нэр байжээ. Тэдний нутгийг Халх уул, Халх гол гэдэг байсан нь одоо ч хэвээр. Хожим Халх нэр улам тодорч Хамаг монголын дөчин отгийг уламжилан бас "Дөчин монгол" гэгдэв.

Ийнхүү элжигэн нь 1400 жилийн тэртээх эртний язгуур овог аймаг юм байна. Мөн элжигэн нь Хонгирадтай удмын хамаатайгаас гадна Горлос, Баргууд овогтой ургийн холбоотой, нэг тамгатай явсан байна гэж тэмдэглэгджээ. Түүхийн тавцанд Хамаг монголын үр, эзэн Чингис тодрон гарах үед Элжигэн нар Монгол овогтны төв нутагт байж Чингисийн цэргийн 13 хүрээний нэг нь болж Монгол овогтныг нэгтгэх тэмцлийг дэмжин оролцож явжээ. Тэд одоо хүртэл Чингисийн цагаан тугийг тахиж хадгалж иржээ.

Элжигэн нар Халхын хаяа манах хүсэлт тавьж 1715 онд Ханхөхийд анх нүүж суурьшжээ. Тэд одоогийн Архангайн Идэр, Чулуутын бэлчир, Туулант толгойгоос нүүж Хөхийд очжээ. Одоо тэр нүүсэн нутагтаа, Увс аймгийн зүүн 4 сумдад Элжигэн нар бөөнөөр сууж байна.

Галдан бошогтын халдлагын үеэр Түшээт ханы талд тэмцэж босогч, салан тусгаарлагчдаас Монгол төр ёсны үндэсийг хамгаалж үнэнч явжээ. Манжид шахагдаж орсоны дараа Галдангийн түйвээнээс Халхын эзлэгдсэн нутгийг чөлөөлөх, эх нутагтаа энх амар суухын тулд тэдний довтолгоотой олон жил тэмцэж, Алтайд харуул зүтгэж явж байв. Халхын нутагт Дөрвөдийн гурван Цэрэн дагаж Алтайн давж ирэхэд угтан авсан ноёдыг Элжигэний ноёд ахалж байв. Одоогийн Шинжаанаас орж ирсэн Дөрвөдүүдийг удалгүй Увс нутагт 1758 онд анх суулгахад Элжигэний бага хошууны харуул цэргүүд Үүрэг нуур (Өрөг нуур), Түргэнээр мөн хамгаалан сууж түвшитгэхэд оролцжээ.

Элжигэний хошуунд Чингисийн төрийн цагаан туг үе улиран хадгалагдаж, тахилч, өчиг тангараг уншигч, сүлд цэнгэхэд унах цагаан зүсмийн адуу маллагч, сүлдний сан, дуудлагатайгаа биетээр байсаар 1933 оноос Судар бичгийн хүрээлэнд авчирч, улмаар Улсын түүхийн музейд залагдсан билээ. 1963 онд онд нэмэлт зүйлсийг Тугчийн хүү авчирч тушаажээ. Өөр хошууд ийм зүйл байхгүйгээрээ онцлог. Түүнчлэн үүсэл гарвал, удам угсаа, түүхэн замналаа товч тодорхой тусгасан “Эл-эзний магтаал”-аа үе улиран хадгалж иржээ.

Холбоотой сэдэв

[засварлах | кодоор засварлах]