Олон улсын байгаль хамгаалах холбоо
Олон улсын байгаль орчин болон байгалийн нөөцийг хамгаалах холбоо (англ. International Union for Conservation of Nature and Natural Resources, IUCN) — 1948 онд байгуулагдсан олон улсын ашгийн бус байгууллага юм. Дэлхийн биологийн олон янз байдлыг хадгалах асуудлыг тусгасан; мэдээ, янз бүрийн улс орнуудад болж буй хурал, манай гаригийн янз бүрийн бүс нутагт тусгай хамгаалалт шаардлагатай амьтдын жагсаалтыг танилцуулдаг. Тус байгууллага НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай.
Тус холбоо нь байгаль, биологийн олон янз байдлыг хамгаалах тухай олон улсын конвенцуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн байгаль хамгаалах сан, Дэлхийн байгаль хамгаалах хяналтын төвийг байгуулахад оролцсон.
Олон улсын байгаль орчин байгалийн нөөцийг хамгаалах холбоо 1948 оны 10-р сарын 5-нд Францын Фонтенбло хотод ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Засгийн газар, байгаль орчны байгууллагуудын төлөөлөгчид Олон улсын Байгаль хамгаалах холбоог (IUCN) байгуулах албан ёсны актад гарын үсэг зурснаар байгуулагдсан. Шинэ байгууллага байгуулах санаачилгыг ЮНЕСКО, ялангуяа түүний анхны ерөнхий захирал, Их Британийн биологич Жулиан Хаксли (англи. Sir Julian Sorell Huxley, 1887—1975) гаргажээ. Энэхүү олон улсын байгууллага үүсэн байгуулагдах үедээ байгаль хамгаалах бүх хүрээг хамарсан цорын ганц олон улсын байгууллага байжээ.
Олон улсын байгаль орчин байгалийн нөөцийг хамгаалах холбоо өмнө нь Олон улсын байгаль хамгаалах холбоо (1948–1956), Дэлхийн байгаль хамгаалах холбоо (1990–2008) гэж нэрлэгддэг байсан.
Байгууллагын төв байр нь Швейцарийн Глан хотод байрладаг бөгөөд байгууллагад 1400 гаруй төрийн болон төрийн бус байгууллага багтдаг. 16,000 орчим эрдэмтэн, шинжээчид сайн дурын үндсэн дээр тус байгууллагын Комисст оролцдог. Энэ нь 50 гаруй оронд 1000 орчим үндсэн ажилтантай ажээ.