Милош Обилич
Милош Обилич | |
---|---|
Бүтэн нэр | Хөлөг баатар Милош Обилич |
Төрсөн газар | Сербийн эзэнт улс |
Нас барсан газар | Косовогийн тал |
Ажиллагаа/салбар | Морин цэрэг |
Косовогийн тулалдаан | Косовогийн тулалдаан |
Милош Обилич буюу Кобилич (Серби хэл:Милош Обилић) нь Зета муж буюу өнөөгийн Монтенегрогоос гаралтай хөлөг баатар бөгөөд Сербийн эзэнт улс, Туркийн Османы эзэнт улстай хийсэн Косовогийн тулаанд Султан Мурад I-ийг хөнөөснөөрөө ихэд алдаршсан хүн юм.
Тэрээр Зетагийн Балшичийн ордны захирагч Джурадж II Страцимировичийн хөлөг баатар байсан гэх бөгөөд Косовогийн тулаанд оролцсноос өөрөөр түүний талаарх мэдээлэл тун ховор байдаг.
Сербийн домогчилсон туульс, яруу найргийн бүтээлүүдэд Обиличийн талаар маш их гардаг. Түүнийг Гэгээн Георгийн лууны нийгэмлэгийг үндэслэгч – хөлөг баатар байсан гэх домог байдаг ч энэ нийгэмлэгийг Унгарын хаан Сигисмунд үндэслэсэн гэдэг нь батлагдсан байдаг байна. Энэ нийгэмлэгийн дайчдын бамбай дээр нь нарын 12 цацрагийг дүрсэлсэн байдаг ба түүн дээр нь Обиличийг оруулсан 12 хөлөг баатрыг дүрсэлсэн байдаг байв. Тэдний дуулга нь лууны дүрстэй байдаг бөгөөд энэ нь Мурад I султаны үхлийг бэлэгдсэн байдаг ажээ. Энэ нийгэмлэгийн хөлөг баатруудыг Европын түүхэн дэх хамгийн хүчирхэг хөлөг баатрууд гэж нэрлэдэг байна.
Домогт
[засварлах | кодоор засварлах]Ардын домог, үлгэр, туульст Милош хүү төрөхдөө л ер бусын онцгой байжээ гэж гардаг байна. Түүний эх нь сайн санаат шидтэн байсан эсвэл эцэг нь луу байсан гэх ажээ. Тэрээр гүүний сүүгээр тэжээлгэж өссөн байна. Милан Топлика, Иван Косинжич гэх хөлөг баатар ах нартай байсан ба эхнэр нь хунтайж Лазарын охин Мара байсан ажээ. Обиличийн үнэнч хүлгийг Здрал гэдэг ажээ.
Косовогийн тулаан
[засварлах | кодоор засварлах]Грегорианы тооллын 1389 оны 6 сарын 28-нд (Юлийн тооллын 6 сарын 15) алдарт Косовогийн тулаан болжээ.
Царь Стефан Лазараар удирдуулсан Сербийн холбоо 3 орчим түмэн цэрэгтэй байсан бол Туркууд султан I Мурадаар удирдуулсан 4 түмэн цэрэгтэй хүрэлцэн ирцгээжээ. Тулааныг Туркын харваачид Сербийн хүнд морин анги руу суман мөндөр буулгаснаар эхлүүлсэн байна. Сербийн хөлөг баатрууд V хэлбэрийн жагсаал үүсгэн довтолж, дайсныхаа зүүн жигүүр Якуб Келебийн ангийг бут ниргэсэн ч Мурадын хүү ирээдүйн султан I Баязидын удирдсан төв болон баруун жигүүрт амжилт олсонгүй. Туркууд хөлөг баатруудын дайралтыг няцаамагцаа сөрөг довтолгооныг эхлүүлэв. Энэ довтолгоо нь Сербийн армийг бут ниргэж, Балканд Туркийн ноёрхол тогтож байгааг тунхагласан байна. Туркуудын байлдааны зэвсэглэл Сербичүүдээс давуу байдалтай байсан нь энэ тулааны үр дүнг шууд тодохойлсон бөгөөд маш хүчтэй, хурдтай, амжилттай сөрөг довтолгооныг удирдсан Баязид султан “Аянга” нэрийг авчээ. Туркийн түүхэнд тэмдэглэснээр Мурад султан тулалдааны дараа дайны талбарт алхаж байхад, үхсэн дүр үзүүлэн хэвтэж байсан Серби цэрэг Милош гэнэдүүлэн дайрч хөнөөсөн гэж бичсэн байдаг бол Сербийн эх сурвалжуудад Милош Обилич тулааны дараа бууж өгөхөөр Туркийн цэргийн хуаранд орж, Мурадын өмнө сөгдөн бууж өгч байгаа дүр эсгэж байхдаа өөрт олдсон боломжийг ашиглан гэдэс рүү хутгалан хороосон гэдэг байна. Түүнийг султаны бие хамгаалагчид нэн даруй хороосон ч Мурад I султан нэгэнт нас эцэслэн байна. Султаны үхлийг дуулаад албан бусаар залгамжлагч гэж тодорхойлогдож байсан том хүү Якуб нь тулааны талбараас яаран буцаж ирсэн ч I Баязид түүнийг хороож хаан ширээнд өөрөө суусан гэдэг.
Ард түмний уран сэтгэмжийн дүрслэл болсон нь
[засварлах | кодоор засварлах]Косовогийн тулааны дараа болсон энэ явдал нь Серби төдийгүй Өмнөд Славянчуудын үндэсний ухамсар, түүх, урлаг, яруу найрагт гүн тусгалаа олсон байдаг. Милош Обиличийн энэ үйлдэл нь Исламын дарлалын эсрэг Христийн шашинт ард түмнийхээ төлөө өөрийгөө зориулсан эр зоригийн илэрхийлэл болсон бөгөөд Милошийг эрх чөлөөний төлөө тэмцэгч, оюун санааны удирдагчаа хэмээн үзэх болсон байна.