Jump to content

Баарин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баарин (монгол бичиг: ᠪᠠᠭᠠᠷᠢᠨ) хэмээх овог нь Монголын Нууц Товчоонд бичигдсэн монгол нирун угсааны овог аймгийн нэг болно. Бодончар Бурхан Халдуны өвөр дэх Түнхэлэг горхинд байсан нэг бүлэг эзэнгүй иргэнийг байлдан эзлэх үед нэгэн жирэмсэн эмэгтэйг олзолж түүнээс төрсөн хөвгүүнийг харь хүний үр хэмээн Жажирдай хэмээн нэрлэсэн бөгөөд тэрээр Жадаран овгийн дээдэс болжээ. Харин өөртэй нь сууснаас хойш бас нэгэн хөвгүүн мэндэлсэнд барьж авсан эмийн хөвгүүн хэмээн Бааридай гэж нэрлэсэн нь Баарин овгийн дээдэс болжээ. Тус овог нь Бодончар богдоос салбарласан олон овгийн дотор хамгийн анхных нь байсан тул Баарин ахмадын ураг гэж хүндлэгдэж Чингис хааны үед Баарины Үсүн өвгөнийг бэхи ноён өргөмжилж өдөр сар үзэх, цагааны урсгалийн цагаан тэнгэрийн асуудал эрхлэх зэрэг чухал ажил албыг хариуцуулж байжээ.

Баарьдайн хөвгүүн Зүтгэлбөх, Зүтгэлбөх олон эм авсан тул хөвгүүн нь манан мэт олон төрөв. Манан баарин овогтон тэд бөлгөө." гэж тэмдэглэсэн байдаг. Баарин овог нь дотроо бас нирун Баарин , нүцгүүд Баарин, манан Баарин гэж хуваагддаг байсан.

Батмөнх даян хааны тавдугаар хөвгүүн Алчуболд нь баарин, хонгирад, жарууд, үжээд, баягуд отгоос бүрдсэн өвөр халхыг захирч байгаад, түүний ач хөвгүүн Субухай дархан ноён баарин отгийг захирах болжээ. 1636 онд Баарин аймгийн ноёд Манж Чин улсын эрхшээлд орж, 1648 онд Эеэр засагч хааны зарлигаар Баарины зүүн, баруун гарын хоёр хошуу хуваан байгуулан, Зуу Удын чуулганд захируулжээ.

Монголын эртний түүхийн бичгүүдийн нэг болох XVIII зууны үед зохиосон Болор эрих буюу "Дай-Юан улсын болор эрих" судрын зохиогч Рашпунцаг бол Баарин аймгийн Хиад Боржигин овгийн хүн болно.

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]