Айкидо
Айкидо - 合気道 гэдэг нэрийг япон хэлнээс орчуулж үзвэл энэ урлагийн өвөрмөц онцлогийн талаар төсөөлөл төрөх болов уу.
“Айкидо” гэдэг нэр “Ай”, “Ки”, “До” гэдэг 3 дүрст үсгээс бүтдэг нэр бөгөөд утгыг тус бүрд нь авч үзвэл:
“Ай” гэдэг нь төгс төгөлдөр, эвсэн нийцэх,
“Ки” гэдэг нь энерги, ертөнцийн шим,
“До” бол замнал гэсэн утгуудыг тус тус агуулна.
Ингээд утгыг авч үзэхэд “Ертөнцийн тойрог, жам ёстой нийцэн амьдрах замнал” гэсэн ерөнхий утгыг илэрхийлсэн нэр болдог. Айкидо урлагийг үндэслэгч Их багш Морихэй Уэшиба өөрөө “Айкидо” бол “хайр ивээлд суралцах урлагийн замнал” гэж тайлбарлах дуртай байсан гэдэг.
Айкидо нь Японы ард түмний зан заншил, түүх уламжлал, сэтгэлгээний онцлогтой нягт холбоотой үүсэн хөгжсөн цэвэр өөрийгөө хамгаалах урлаг байдаг. Японы нийгмийг олон зуун жил ноёрхон захирч байсан цэргийн дэглэм ба гол төлөөлөгч болох самурай нарын амьдралын хэв маяг, гүйцэтгэж байсан үүрэг нь уг урлагийг үүсэхэд үндэс суур нь болсон байдаг. Тодорхой хэлбэл олон зуун жилийн турш япон самурай нарын хөгжүүлж ирсэн сэлмийн тулааны урлагийн үндсэн хөдөлгөөн техник дээр суурилан хөгжиж бий болсон өвөрмөц техник, арга барилыг агуулсан бие хамгаалах урлаг болон орчин үед хөгжиж байгаа билээ. Орчин үеийн Айкидо нь довтолсон хүний хүчийг дагуулан өчих, хөдөлгөөнийг нь зогсоон өөрийн хяналтанд оруулах, хүчийг нь дагуулан шидэх зэрэг үндсэн техникийг хэрэглэн өөрийгөө хамгаалах боломжийг судалдаг урлаг байдгаараа онцлог болдог. Өөрийгөө хамгаалах боломжуудын дотор довтлогч талын хүч, хурдыг давах илүү хурд, хүчийг ашиглан өөрийгөө хамгаалж хариулах аргад дийлэнх олон итгэдэг бол Айкидод та довтлогчийн хүчийг сөрж давах бус биеэ зайлуулан ирж буй довтолгооны хүч, хурд, чиглэлийг дагуулан довтлогчийн хүчийг өөрт нь ашиглан довтолгооныг саармагжуулах арга техникт суралцах боломжтой. Энэ утгаараа зөвхөн өөрт болон бусдад аюул тулгарах тохиолдолд өөрийн эзэмшсэн техникийг хэрэглэх үндсэн зарчим, гүн ухааныг номлон сурталчилдаг урлаг билээ. Айкидо нь спорт бус гэдэг утгаараа уг төрлөөх тэмцээн зохиогддоггүй, өрсөлдөөний сэтгэлгээг агуулдаггүй онцлогтой. Тиймээс хувь хүмүүс өөрийгөө хамгаалж сурах, биеийн эрүүл мэндийг чухалчлах болон Айкидод агуулагдах өвөрмөц гүн ухааны илрэлээс суралцах зэргээр хичээллэх бүрэн боломжтой. Спорт бус гэдэг утгаараа Айкидогоор хичээллэхэд насны хязгаар, биеийн боломж, чадварт тавигдах онцгой шаардлага гэх зүйл байдаггүй учир ямарч насны, ямарч чадвар боломжтой хүн өөрийн бие, насны онцлогт тохируулан хичээллэх бүрэн боломж нээлттэй байдагийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Одоо “Айкидо” бие хамгаалах урлагийг орчин үеийн утгаар нь үндэслэн хөгжүүлсэн Их Багш Морихэй Уэшибагийн тухай товч танилцуулъя.
"Айкидо" бие хамгаалах урлагийг үндэслэгч Их багш Морихэй Уэшиба 1883 оны 12 сарын 14-ний өдөр Японы "Вакаяма муж" -ийн Танабе гэх газар мэндэлжээ. Түүний хүүхэд нас Японы эртний нийслэл Киото хотын "Майзуру" дүүрэгт өнгөрсөн байна. Их багшийн эцэг Йороку Уэшиба болон эх Йюки Уэшиба нар нь 5 хүүхэдтэй байсны ганц хүү нь Морихэй байсан бөгөөд бага балчир наснаас аавынхаа онцгой анхаарал халамжинд өсөн бойжсон нэгэн байдаг. Түүний эцэг Йороку нь тодорхой хэмжээний газар эзэмшигч болон загас, модон материалын наймаа эрхэлдэг чинээлэг нэгэн байсан. Морихэй Уэшиба бага балчир байхаас бие сул, өвчлөмтгий хүүхэд байсан бөгөөд мөрөөдөмтгий, номонд дуртай хүүхэд байсан учир эцэг нь "Сумо" бөхөөр хичээллүүлж бие бялдрыг нь хөгжүүлэх тал дээр анхаарал тавьдаг байснаас гадна эртний домогт баатарууд, эрэлхэг самурайчуудын тухай домог түүхийг ярьж өгөн эр хүний ёсоор хүмүүжүүлэхийг хичээдэг эцэг байсан гэдэг. Түүнээс гадна Уэшибагийн гэр бүлийн удам угсаанд өвөг дээдэс болох Кичиемон гэж өөрийн цаг үедээ алдартай эрэлхэг нэгэн самурай байсан талаар аав нь хүүдээ бахархан ярьж өгдөг байж.
Морихэй Уэшиба залуу наснаасаа Японы үндэсний тулааны урлагийн хэд хэдэн төрлөөр хичээллэдэг байсан баримтууд үлдсэн байдаг.
Тухайлбал:
1901 оны үед Токио хотноо Тозава Токузабуро-н удирдлагын дор “Тэншин Шиньё-рю Жиү-Житсү”/жиу-житсу - зөөлөн урлаг гэсэн утга агуулна/,
1903 – 1908 оны хооронд Сакай хотод Накай Масакацу-н удирдлагын дор “Гото-ха Яагиу Шинган-рю Житсу” /житсу - урлаг гэсэн утга/,
1911 онд Танабе-д Кийочи Такаги-н удирдлагын дор Жиү-до урлагаар тус тус хичээллэж байсан байна.
Гэсэн хэдий ч жинхэнэ “Будо” /будо – гэдэг нь дайчин эрийн замнал гэх утга агуулдаг/ урлагт нэвтэрч гүнзгийрэх болсон шалтгаан нь 1912 оны үйл явдлуудтай холбоотой байсан. Тухайн онд Уэшиба Морихэй өөрийн гэр бүлийн хамт хэсэг дагалдагч хүмүүсийг удирдан Японы хойд арал болох “Хоккайдо”-д шилжин ирж газар тариалан эрхлэх болсон бөгөөд энэ газраа суурьших үедээ “Дайто-риу Айки-Жиужитсу” урлагийн Их багш Такеда Сокакутай учирч энэ урлагаар хичээллэж эхэлсэн нь түүний цаашдын хувь тавиланг тодорхойлсон үйл явдал болсон байдаг.
Энэ он жилүүдийн үйл явдлын талаар Их багш Морихэй Уэшиба өөрөө ийнхүү дурсан ярисан байдаг юм: 14-15 настай байхаас Токүзабүро Тозава багшаар “Тэншин Шиньё-рюү Жү-Жүцү” заалгаж эхэлсэн ба дараа нь "Кито-рюү", "Ягюү-рюү", "Айой-рюү", "Шинкагэ-рюү" зэрэг Жү-жүцү урлагийн хэлбэрүүдээр хичээллэж байсан. Гэсэн хэдий ч сэтгэл дундуур байж хаа нэгтээ жинхэнэ Бүдогийн урлаг заавал байх ёстой гэж боддог байсан. Тиймээс ч дээрээс нь "Хозоин-рюү сожүцү" урлаг болон "Кэндо" урлагаар хичээллэж үзсэн. Гэвч энэ бүх тулааны урлагууд зөвхөн нэг нэгээр тулалдах урлагууд байсан учир миний сэтгэлд хангалтгүй мэт санагдаж байсан юм. Би олон газраар явж олон янзын дасгал сургууль хийж үзсэн боловч өөрийн хайсан зүйлээ, жинхэн Бүдог олж чадахгүй л байлаа. Тэгээд 30 орчим настай байх үедээ Хоккайдо арал дээр суурьших болж санамсаргүй тохиолдлоор Китами мужийн Энгарү дахь Хисада Инн гэдэг газар явж байхдаа Айзү овгийн нэртэй багш Такэда Сокакүтай танилцах завшаан олдсон юм. Тэр багш Дайто-рюү Жү-жүцү урлагийг заадаг байлаа. Тэр багшийн удирдлаган дор тухайн урлагийг 30 хоног хичээллэсний дараа онгод орох шиг мэдрэмж өөрт төрж байсныг санадаг юм. Ингээд хожим нь тэр багшийг гэртээ урьж өөрийн 15-16 ажиллагсдын хамт Бүдогийн мөн чанарыг олж мэдэх замдаа орж түүний шавь нар болцгоосон байдаг.
Их багш Морихэй Уэшибагаас дараах асуултыг асуужээ.
Та Сокаку Такеда багшийн удирдлагын дор Дайто-рюү урлагаар хичээллэж байхдаа Айкидо урлагаа бүтээсэн гэж хэлж болох уу? гэхэд “Сокаку Такеда багш Будо-г ойлгох замд миний нүдийг нээж өгсөн хүн гэж хэлбэл илүү оновчтой болох болно.” гэж хариулсан байдаг.
Такеда Сокаку ба Дайто-рюү урлаг
Айкидо урлагийн үндсэн техникийн суурь бий болоход хүчтэй нөлөө үзүүлсэн зүйл нь гарцаагүй Их мастер Такеда Сокаку-н заадаг байсан Дайто-рюү гэж нэрлэгддэг Айки-жү-жүцү урлаг мөн билээ. Зарим нэг нь санал нийлдэггүй ч Такеда багшийн үндсэн бүртгэл тэмдэглэл дээрээс үзэхэд Морихэй Уэшиба нь 1915-1937 онуудын хооронд Дайто-рюү урлагаар хичээнгүйлэн суралцаж байсан нь харагддаг юм. Тэрээр Дайто-рюү урлагаар хичээллэх явцдаа Сокаку Такеда багшаас хэд хэдэн чухал гэрчилгээ баримтуудыг гардан авч байсан ба дурдахад: "Hiden Mokuroko", "Hiden Ogi", "Goshin'yo te"(Япон хэл дээрх гэрчилгээнүүдийн нэрс) зэрэг гэрчилгээ баримт байдаг байна. Харин 1922 онд Уэшиба багш Сокаку Такеда багшаас "Багшлах эрхийн бичиг" буюу "Kyoju dairi" сертификатаа гардан авсан байдаг. Мөн энэ ондоо Уэшиба Сокаку Такеда багшаас "Shinkage-ryū" сэлмийн урлагийн үе дамжих бичгийг гардан авсан байна. Энэ үеэс эхлэн Морихэй Уэшиба Дайто-рюү урлагийг төлөөлөх бүрэн эрхтэй болсноор Такеда багшийг дагалдан туслах багшийн хувьд Дайто-рюү Жү-жүцү урлагийг бусдад заан дэлгэрүүлэх ажилд орсон билээ. Айки-Жү-Жүцү-с Айкидо хүртэл Морихэй Уэшиба багш 1920 - 1930 -д оны дунд үе хүртэлх хугацаанд багшлах үйл ажиллагаагаа явуулах эхний үедээ Такеда багшаас авсан эрхийн дагуу Айки-жү-жүцү урлагийг зааж байсан. Тухайн үед суралцаж байсан түүний шавь нарын бичиг баримтыг уншиж үзэхэд Айки-жү-жүцү урлагийн нэртэй холбоотой бичвэрүүд байдаг. Жишээ нь: Морихэй Уэшиба тухайн үедээ хожим нь Дайто-рюү урлагийн хамгийн дээд зэргийн цол зэрэгт хүрч чадсан Дайто-рюү урлагийн мастер болох Такума Хиса-н эхний багш нь байсан байна. Такума Хиса нь (Takuma Hisa) Уэшиба багш дээр Дайто-рюү урлагаар хичээллэж эхлээд дараа нь Сокаку Такеда багшийн шавь болон үргэлжлүүлэн хичээллэсэн түүхтэй юм. Морихэй Уэшиба багшийн зааж байсан Айки-жү-жүцү урлагийн эрт үеийн техникийн онцлогуудыг авч үзвэл: Илүү шулуун чиглэлээр гүйцэтгэх хөдөлгөөнүүдтэй өргөн хүрээний арга техникүүдийг хамруулсан хувилбарууд байсан бөгөөд хүйтэн зэвсэг хэрэглэх техникийг илүүтэй заадаг байснаас гадна "атеми"-г (амин чухал цэгт цохих техник) өргөн хэрэглэдэг байсан байна. Айкидо нь vзэл санааны, гүн ухааны, хvмvvжлийн, бясалгалын, хөдөлгөөнт хэлбэрийн vндсэн зарчмуудыг нэгтгэнэ. Он удаан жилийн туршид биеийн болон сэтгэхvйн дасгал сургуулилтаар айкидогийн сурагчид нь амьдралын утга учир, тvvнд vйлчлэх хуулийн талаар гvн гvнзгий суралцаж байдаг. Айкидогийн сурагчид нь дотоод сэтгэлийн хvчээ (ки) хөгжvvлснээр амьдралд хатан зоригтой, сэтгэлийн тэнхээтэй, тодорхой зорилготой байдаг. Бvх мэх, техник нь зөвхөн бие хамгаалах зориулалттай, хvмvvнлэг, байгалийн эвсэлт хөдөлгөөнд тулгуурладаг учир халз тулааны хэлбэрээр сурагч нарт хичээл ордоггүй. Зайлшгvй бие хамгаалах нөхцөл бvрдсэн vед эсрэг талын хvчийг өөрийн хөдөлгөөнд уусган саармагжуулдаг. Сурагч нь айкидогийн замаар (до) замнах vедээ vргэлж байгалийн зохилдлогоо (ай), тvvний хуулийг хvндэтгэж, хvлээн зөвшөөрдөг.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Айкидо – Энэ үгийг тайлбар толиос харна уу |