Jump to content

6-р Далай лам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цаньянжамц
6-р Далай лам
Засаглал 1697–1706
Өмнөх дүр Наваанлувсанжамц
Хойд дүр Kelzang Gyatso
Төвөд ཚངས་དབྱངས་རྒྱ་མཚོ
Вайли tshangs dbyangs rgya mtsho
Мэндэлсэн 1683
Төвөд
Нас нөгчсөн 1746
Өвөрмонголын Алашаа

6-р Далай лам Цанъянжамц(тө. ཚངས་དབྱངས་རྒྱ་མཚོ ; 1683 оны 3 сарын 1 - ?) — Төвөд, Монгол, Буриад, Халимаг, Тува дахь буддын шашинт шарын шашны сүсэгтнүүдийн итгэл бишрэлийн манлайлагч.

5 настайд нь зургаадугаар Далай ламаар тодруулсан Цаньянжамц бага наснаас шашны эрдэмд шамдахын хамт шүлэг, яруу найраг, яруу дуулалд шимтэн идэвхитэй уншигч төдийгүй өөрөө бичихийг оролддог нэгэн байсан гэдэг. Гэвч тэрээр Далай ламын сэнтийд 1697 онд залран 9 жил суусаны хавьд Манжийн төрд адлагдан буруушаагдаж, 1707 онд Бээжин хүргэгдэх замдаа нас барсан нэгэн шавьтай хувцас хэрэгслээ солин зүс буруулж, зүгээ өөрчлөн Энэтхэг, Балба, Төвд, Монгол нутгаар бадарчлан явсаар 64 насандаа бие барсан гэдэг. Өмнөд Монголын Алшаа нутагт жанч халсан түүнийг Монголчууд ихэд нууцлан занданшуулан суварганд хийж хадгалсан гэдэг билээ.

Түүнийг нас бие гүйцээгүй байхад нь Дэсрид Санжаажамц гэгч хүн төрийн хэргийг барьж байсан аж.

Цанъянжамц нь 1683 онд өнөөгийн Энэтхэгийн Аруначел Прадеш мужид, Бутаны хилтэй ойролцоо орших Мон Таванг хэмээх газар төржээ. Эцэг нь тэндхийн Үржээлин хийдийн лам Дашданзан бол ээж нь язгууртан гаралтай Цэвээнлхам гэдэг хүн байжээ. Ээж нь түүнийг хэвлийдээ тээж байх үед олон гайхамшигт үзэгдэл тохиолдсон домогтой. Жишээлбэл нэг удаа Цэвээнлхам будаа тээрэмдэж байтал тээрэм дотроос нь ус ундарч эхэлсэн, мөн нэг удаа ойролцоох худгаас ус уух гэтэл усны оронд сүү хутгагдан гарч ирсэн гэх мэт ам дамжсан яриа бий.

Далай ламын хойд дүрийг тодруулах ажлыг нууцаар явуулсан бөгөөд Цанъянжамц үнэхээр дээрхийн гэгээний хойд дүр болохыг батлахын тулд хүүг Лхас хотод хүргэж, харин эцэг эхийг нь тэндээс 100 км-ийн зайд орших нэгэн газарт аваачсан байдаг. Үүнээс хойш VI Далай Ламын гэр бүл 12 жилийг тэндээ тусгаарлагдан өнгөрөөжээ. 1697 онд V далай лам нас барсныг албан ёсоор зарлаж, 14 настай Дээрхийн Гэгээнтэн "Хамгийг айлдагч" VI Далай Лам хэмээн өргөмжилжээ. Тэрээр шинэ амьдралаа эхлүүлэхдээ дөнгөж баригдаж дууссан Будала ордонд суухаар болсон байна.


Тухайн үед Манжийг Энх-Амгалан хаан захирч байв. Төвд, Монгол хоёр улс ойр дотно харилцаатай байгаад Энх-Амгалан туйлын эмзэглэж байсан гэдэг. Хоёр улс зорилго нэгдэн хүч хавсарвал Манжид халтай гэж үзсэн тэрээр Монголын хаад ноёдод "Төвдийн хэргийг Санжаажамц дангаар атгах болсон", мөн удахгүй "Дээрхийн гэгээнийг түлхэж унагаад өөрөө хаан суух санаатай байгаа" хэмээн итгүүлжээ. Үнэхээр ч Санжаажамц эрх мэдэлд дуртай нэгэн байсан бөгөөд Далай Ламыг сархад хүртэн, эмс хүүхэн эргүүлж, шүлэг зохиол тэрлэж байхад Төвдийн бүхий л хэргийг өөрийн дураар явуулж байсан юм.

Тиймээс V далай ламын хамгийн гол Монгол холбоотон Гүүш хааны ач хүү Хошуудын Лхавзан хан Төвдийн төрийг шинэчлэхээр Лхас хотыг эзлэн Санжаажамцыг 1701 онд хороосон байна. Лхавзан хаан дараа нь Цанъянжамцыг төр барихад тохирохгүй гэж үзсэн ч Төвдийн ард түмний шашин болоод төрийн тэргүүнд шууд халдаж чадаагүй аж.


Санжаажамц алагдсаны дараа Энх-Амгалан хаан Далай ламыг барьж, Бээжин хотод авчирсан байна. 1706 онд Лхавзан хан 21 настай Наваан-Ишжамцыг Цанъянжамцын оронд тавьж, "жинхэнэ 6-р Далай лам" хэмээн зарлажээ. Ингээд Цанъянжамцыг албан ёсоор буулган авч Лхасын гадна хорьсон байсан ч лам нар нэгдэн түүнийг чөлөөлж Бэрээвэн хийдэд авчирчээ.


Лхавзан хан үүнийг мэдээд хийд рүү үхэр буугаар буудаж, дараа нь цэргүүд явуулж эзлүүлжээ. Цанъянжамц эцэст нь бууж өгөхөөр шийдсэн бөгөөд тэр үед түүнийг хамгийн дотны найзууд нь дагалдаж явсан аж. Лхавзан тэднийг бүгдийг нь барьж хороосон боловч Далай лам өөрөө Хөх нуурын орчимд маш нууцлаг байдлаар алга болжээ.

Түүнийг Халх руу зугтаж очоод тэндээ тайван амьдарсан, эсвэл Амдо (Андуу) нутгийн Кагью хийдэд нуугдан суух болсон гэх мэт таамаглалууд бий. Ямартаа ч 6-р Далай ламд зориулсан бунхан Будала ордонд байдаггүй нь үнэн билээ.


Алашаа уулын баруун хормой, Баян хотын өмнөдөд орших Шажныг бадруулагч хийдийг байршлаар нь ч юм уу Баруун хийд хэмээн нэрлэнэ.

Шажин бадруулагч сүмийн хамгийн том төдийгүй хамгийн эрхэм нандин шүтээн нь Шар сүм буюу Шар асарт сүм юм. Монгол, төвд, хятад  сүмийн барилгын аль алины ур хийцийг хослуулсан энэ сүм 870 тэгш дөрвөлжин метр талбай эзлэх бөгөөд хориод метр өндөр дөрвөн давхар бүхий 81 тасалгаат барилга байгууламж юм. Дуганын дотор 36 багана байх бөгөөд түүнийг ороосон хивс нь бурхдын хөрөгтэй аж.


Энэхүү шар сүмд Есөн эрдэнээр чимэглэсэн гурван метр өндөр суваргад Дээдийн гэгээн VI Далай лам Цанъянжамцын пэлдэн буюу арвидах шарилын чандар оршин буй аж. 1746 оны зун VI Далай лам нирваан дүрийг үзүүлсэн боловч говийн халуунд дээдийн гэгээний бие өчүүхэн ч сэвтэж хувирсангүй гэнэ.


Сүсэгтэн шавь нар нь дээдийн гэгээний махан биеийг сайхан эмт усанд оршоож алтан суварганд суулган саатуулаад 250 гаруй жил шүтсэн байна. Харин соёлын хувьсгалын үед тэрхүү суваргыг эвдэж сүйтгэсэн бөгөөд хэдийгээр хэдэн зуун жил болсон ч дээдийн гэгээний шарил бүв бүтэн хэв хэвээрээ байсныг гайхан биширч байсан гэдэг. Тэгээд нэгэн хөгшин лам хэдэн залуу ламыг явуулж ил гарсан дээдийн гэгээний махан биеийн авч нэг жил гаруй ариутган тарнидсаны дараа хайлуулахад цагаан ясан өнгөт пэлдэн гарсныг эдүгээ гол сүмд дахин оршоож суваргалан тахиж байгаа юм байна.


Их эрдэмтэн, төвдөч Л. Хүрэлбаатарын “Амьддаа суух олбоггүй, ажирсан хойноо шүтэгдээгүй газаргүй” гэж тодорхойлсон байдаг.

1683 оны усан гахай жил долоон нар нэгэн зэрэг урган мандах мэт шид дохио үзүүлэн нэгэн хөвүүн заяасан нь их билгүүн шүлэгч, номын мэргэн сартваахи Цанъянжамц байсан гэдэг.

Түүнийг арван тавтайд нь Далай ламын дүрд тодруулж “Хамгийг айлдагч Далай лам Агванчойдог-Цанъянжамц”  хэмээн нэр цолыг хөхүүлэн хайрлаж  нар саран хот мандлын суудалд сэнтий ширээнээ залсан боловч түүнээс есхөн жилийн дараа Төвдийн Лхавзан хааны хатуу зарлигаар Манж эзний алтан босгонд хүргүүлж төрийн цаазаар гэсгээх хүнд ялд унагажээ. Дөнгөж 25 нас сүүдэр зооглоод байсан Цанъянжамцыг Төвдийн Лхавзан хаан  Далай ламын ширээнээс буулгаж түүнээс гурван нас дүү, өөрийн хүү Бадгар-зинба-Агван-Ишжамц хэмээгчийг VI Далай ламаар өргөмжилжээ.


Цанъянжамцыг Манжийн хаанд хүргэ­хээр авч явсан донир, сойвон тэргүүт элч нар түүнийг гэнэт лагшин чилж “Хорин таван насандаа Хөх нуураас холгүй Гунгаа нуурын дэргэд таалал төгссөн” гэх цуу үгийг тарааж Манжийн эзэн, Төвдийн хаанд айлтган суллан тавьжээ. Түүнээс хойшх он жилүүдэд Дээдийн гэгээн энгийн ламын дүрээр Хятад, Монгол, Амдо, Үй, Зан, Энэтхэг, Балба зэрэг олон газраар бэдэн тэнэж явсаар арваад жилийн дараа нас сүүдэр гучин дөрөвнөө Алашаад заларч суурьшин 64 насандаа таалал барьжээ. Буддын шажны их багш, Дээдийн гэгээн, яруу найрагч VI Далай лам Цанъянжамцын амьдралын сүүлийн тав гаруй жилийн намтар нууцлаг хийгээд оньсого мэт таамаглал дунд бүдэг бадаг байдгийн учир энэ бүлгээ.