Цэрэнпилийн Балхаажав
Түвдэн овогт Цэрэнпилийн Балхаажав (1928 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутагт төрсөн-2024 оны 1-р сарын 4-нд Улаанбаатар хотод нас барсан)- Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын нийгэм-улстөрийн нэрт зүтгэлтэн, философийн шинжлэх ухааны доктор, профессор, соён гэгээрүүлэгч. 1984-1990 онуудад МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв хорооны Товчооны гишүүн байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ц.Балхаажав нь 1928 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутагт Цахир уулын зүүн биед орших Баруун туулайтын Үүдэн цохио гэдэг газар төрсөн. Өвөг эцэг нь Бат-Очир тайжийн хүү Түвдэнсүрэн гэж язгууртан, тамгын бичээчээр он удаан жил ажилласан хүнээр хуучин бичгийн зүг чигийг анх заасан байна. Мөн Сандуйжав мээрэн гэж тухайн үеийн зуны түр сургуулийн багшаар мөн бичиг үсэг заалгасан байна.
1937 оны намар Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дахь Цагаан оломын бага сургуульд очиж суралцсан. Нагац ах Цэрэнпил цээж тоонд сайн сургаж долоо настайгаас нь цээжээр тоо бодуулж сургасан тул тэрээр нэг саяын дотор толгой өвдөхгүй хариуг нь шууд хэлдэг байсан гэдэг.
Тэрээр 1945 онд бичиг үсгийн багш болж ажилд оржээ. Жилийн дараа нь улаан булангийн эрхлэгч, сумын бага сургуулийн захирал болсон байна.
Ингээд 1948 онд Улаанбаатарт хотноо Намын дээд сургуульд ирсэн ажээ. Энд тэр номонд дуртай болж, орос хэл сурч онц сураад Сүхбаатарын тэтгэлэгтэй болж байжээ.
1959-1964 онд Москвагийн Их сургуулийн философийн ангид таван жил сурч ирээд нийгмийн ухааны академидаа тасгийн эрхлэгчээр ажилд орсон байна.
1967-1970 онд Москвагийн ЗХУКН-ын Нийгмийн ухааны академид сурч дэд эрдэмтний цол хамгаалсан.
1972-1979 онд МАХН-ын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч.
1979-1982 онд МАХН-ын Төв хорооны Намын байгууллагын хэлтсийн эрхлэгч.
1982-1984 онд МАХН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч.
1984-1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга байсан.
1991-2010 онд Хүн судлалын төв, Дорно дахины дээд сургууль, “Сутай” дээд сургуульд судлаач, багш, зөвлөхөөр тус тус ажиллаж байв.
1997 онд "ХХ зуун ба хүн судлал" сэдвээр философийн шинжлэх ухааны доктор хамгаалсан байна.
Ц.Балхаажав нь төр нийгмийн зүтгэлтэн хүний хувьд "Нийгмийн ухааны академи"-д суралцсан, философич, улс төр, нийгэм, хүн судлаач, багш хүн юм. Мөн Улс төрийн дээд сургууль, Москвагийн улсын их сургуулийг ч дүүргэжээ.
Тэрбээр томоохон албан тушаалууд хашиж байсан. Үүнд:
- МАН-ын Төв хороонд хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн дарга
- Хүн судлалын төвд тасгийн эрхлэгч
- Намын түүхийн институт /Стратеги академи/ 1955 онд байгуулагдах үеэс ажилласан.
- 1972 онд Намын түүхийн институтид хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан.
2018 оны 10 сарын 19-ний өдөр Ц.Балхаажавын мэндэлсний 90 насны ойд зориулан “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байжээ. Тэрбээр 1989 онд Дорнодод очиж Зөвлөлтийн цэрэг гаргах ажлыг тэндэхийн цэргийн дарга нартай нь уулзаж барьж зохион байгуулж байсан гэж дурсан ярьсан байдаг.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Гэргий Ё.Намжилмаа. Хүний гавьяат эмч. Анагаах ухааны их сургуульд багшилж байгаад Гандангийн хүүхдийн эмнэлэгт 1957 оноос хойш 55 жил ажилласан эмч юм.
Зохиол бүтээл
[засварлах | кодоор засварлах]Ц.Балхаажав нь эрдмийн ажлын 60 гаруй жилийнхээ хугацаанд хийсэн 20 гаруй ном, 40 орчим товхимол, судалгааны бүтээлээ Нийгмийн ухааны академийн номын санд хадгалуулжээ.
1956 онд "Улсын анхдугаар их хурал БНМАУ-ын анхдугаар үндсэн хууль"
1957 онд "Манай ардын ардчилсан засаг төр бол тус оронд социализм байгуулах зэвсэг мөн"
1964 онд “Шинжлэх ухаан ба нийгмийн дэвшил”
1968 онд "Орчин үеийн Монгол орны түүхэн хөгжлийн диалектик Түүх-философийн найруулал"
1992 онд "Хүний хөгжлийн онол арга зүйн философи үндэслэл Судалгаа, ажиглалт, бясалгал, дүгнэлт"
1994 онд "The Mongols" (Англи хэлээр А6 хэмжээтэй 26 нүүр бүхий жижиг товхимол)
1995 онд "Contribution of Mongols to world civilization" (Англи хэлээр А6 хэмжээтэй 32 нүүр бүхий жижиг товхимол)
1996 онд "Мой взгляд на Россию" (Орос хэлээр А6 хэмжээтэй 66 нүүр бүхий жижиг товхимол)
1997 онд "Хүн хорвоогийн алхаан дунд Нас дагасан хөрөг дурсамж"
1999 онд "ХХ век аналитический взгляд"
2001 онд "Хүн та хэн бэ? Хүн судлалын аналитик үзэл бодол"
2004 онд "Үүрдийн дурсгал номон хөшөө 5 боть түүвэр зохиол: Боть 1: Хүн хорвоогийн алхаан дунд, Дурсамж"
2004 онд "Үүрдийн дурсгал номон хөшөө 5 боть түүвэр зохиол: Боть 2: Хүн танаа өргөх бичиг, Үзэл бодлын цомог"
2004 онд "Үүрдийн дурсгал номон хөшөө 5 боть түүвэр зохиол: Боть 3: Миний Монголын урьд одоо ирээдүй, Хайр хүндэтгэлийн дээж"
2004 онд "Үүрдийн дурсгал номон хөшөө 5 боть түүвэр зохиол: Боть 4: Мэдлэгийн далайд цацсан оюун тусал, Онол, арга зүйн эрэл"
2004 онд "Үүрдийн дурсгал номон хөшөө 5 боть түүвэр зохиол: Боть 5: Дэврүүн идэр нас, Шүлгэн мөр"
2013 онд "Хөгжил ухаарлын учир зүй"
2014 онд "Гар бичмэл номын цомог"
2016 онд "Хүн-Алдрын гайхамшиг"